Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Сүхбаатар аймгийн 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамж


Сүхбаатар аймгийн 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамж
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав. Сүхбаатар аймгийн нутгаар зуншлага 08 дугаар сарын 21-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувь буюу Баруун-Урт, Эрдэнэцагаан, Дарьганга, Асгат, Мөнххаан, Наран, Сүхбаатар Түмэнцогт, Халзан, Уулбаян, сумдын нутгаар зуншлага хэвийн, 30 орчим хувь буюу Баяндэлгэр, Түвшинширээ, Онгон сумын өмнөд хэсэг, Наран сумын баруун өмнөд хэсгээр дунд зэргийн үнэлгээтэй байна.
2020оны 8 дугаар сарын дунд 10 хоногт тодорхойлсон бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын ургацын мэдээгээр хамгийн их нь Түвшинширээ-5.5ц/га, Сүхбаатар-4.6ц/га, Баруун-Урт-4.0ц/га, Түмэнцогт-3.7ц/га бусад нутгаар 0.4-3.4ц/га-ын ургацтай байна. Бэлчээрийн ургацын байдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Баруун-Урт, Баяндэлгэр, Асгат, Онгон, Уулбаян, Халзан сумдын нутгаар 0.4-2.4ц/га-аар буурсан бол Эрдэнэцагаан, Дарьганга, Мөнххаан, Наран, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт сумдын нутгаар 0.2-2.7ц/га-аар өссөн байна.
Дээрх мэдээнд дүгнэлт хийж үзэхэд нийт нутгийн 25.9 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой тодорхой тооны мал гаднаас отроор оруулах бэлчээрийн нөөцтэй байна. Харин 20.7 хувьд гаднаас отрын мал оруулах бололцоогүй тухайн багийн мал өөрийн нутагт өвөлжиж хаваржихад бэлчээр хүрэлцээтэй байна. Үлдсэн 53.4 хувь буюу бэлчээрийн даац хэтэрсэн багууд.
Үүнд:Бэлчээрийн даац багтаамж 1-3 дахин хэтэрсэн багт
Түмэнцогт сумын Лүмбэ, Баянцагаан багууд, Мөнххаан сумын Бүрэнцогт баг, Уулбаян сумын Баян, Жавхлант баг , Сүхбаатар сумын Баянгол баг, Дарьганга сумын Үүд, Бадрах баг, Онгон сумын Ихбулаг, Нүдэн, Эрдэнэцагаан сумын Хүйс, Талбулаг багууд оржээ.
Бэлчээрийн даац багтаамж 3-5 дахин хэтэрсэн багт
Баяндэлгэр сумын Төв, Дэлгэр, Дөхөм, Асгат сумын Жаргалант баг, Дарьганга сумын Овоот баг, Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо, Цагаан-Овоо багууд орж байна.
Бэлчээрийн даац багтаамж олон дахин хэтэрсэн багуудад
Мөнххаан сумын Баясгалант /4-р баг /
Уулбаян сумын Жаргалант /2-р баг /
Түвшинширээ сумын Сэргэлэн /1-р баг/
Түмэнцогт сумын Баяновоо /3-р баг/
Баяндэлгэр сумын Ширээт, Баян, Хонгор / 1,5,6-р баг/
Баруун-Урт сумын /8-р баг/
Онгон сумын Хавирга / 4-р баг/
Халзан сумын Хатавч /4-р баг/
Наран сумын Наран /3-р баг/
Сүхбаатар сумын Хайлаастай /2-р баг/-д орсон байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байдлаас харахад сумын төвийн багууд ихэнх орж байгаа нь талбай хэмжээ бага, тоолуулж байгаа малын нягтшил өндөр гардаг, мөн хүний хүчин зүйлийн нөлөөнд байнга өртөж байдагтай зайлшгүй холбоотой. Бэлчээрийн даац багтаамж тооцход ирэх өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг оруулаж тооцоогүй болно.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн багууд өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа учир өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхааран, шуурхай зохицуулах шаардлагатайг зөвлөж байна.