Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2017 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар)


ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
(2017 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар)
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж байна.
2017 оны зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу, улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.
12 дугаар сарын 20-ны байдлаар Эрдэнэцагаан, Асгат сумдын нутгаар 7-12см зузаан, 0.21-0.23 г/см3 нягтай, Баруун-Урт, Дарьганга, Мөнххаан, Онгон, Сүхбаатар, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар 4-14 см зузаан, 0.08-0.19 г/см3 нягтай 8-10 баллын цастай, Баяндэлгэр, Наран, Түвшинширээ сумдаар 2-4 см зузаан 6-9 баллын цасан бүрхүүлтэй байна.
2017 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар их буюу нэн их эрсдэлтэй гарсан. Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Дарьганга, Халзан, Мөнххаан сумдын ихэнх хэсэг, Уулбаян, Баяндэлгэр сумдын хойд хэсэгээр их буюу нэн их эрсдэлтэй бусад сумдаар дунд зэрэг эрсдэлтэй гарсан.
Одоогийн байдлаар зарим нутагт цас бага байгаа боловч зундаа гантай байснаас бэлчээрийн хүрэлцээ муу, усан хангамж дутагдалтай байгаа нь хараар зутрахад хүргээд байна. Мөн малчид отор нүүдэл их хийж байгаагаас цас багатай зарим аймаг, сумдад туурайн зуд нүүрлэх нөхцөл үүссэн байна.
Зудын эрсдэлийн энэхүү мэдээлэл нь дан ганц одоо байгаа цасны зузаан, нягтаас хамаарахгүй, өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн ургац, бэлчээрийн даац, малын тоо, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг олон үзүүлэлтийг жинлэн нэгтгэж, анализ хийж гаргасан болохыг анхаарна уу.
Цаашид бид цасны зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарч өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрвэл зудын эрсдэлийн тооцоог тухай бүр хийж, нэгдсэн зураглалыг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, шуурхай мэдээлнэ.
Сүхбаатар аймаг УЦУОШГазар