Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Зудын эрсдэлийн мэдээ


Зудын эрсдэлийн мэдээ
(2017 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж байна.
2017 оны зун манай аймгийн ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.
7 дугаар сарын 31-ний байдлаар засгийн газрын 286-р тогтоолын дагуу гангийн үнэлгээ хийхэд нийт нутгийн 15 хувьд хэвийн, 46 хувьд гандуу, 39 хувьд гантай байсан.
11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн цастай байгаагаас Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар, Асгат сумын нутгаар 8-10 см зузаан, нягт нь 0,10-0,19 г/см3, Баруун-Урт, Дарьганга, Онгон, Халзан сумдад 4-6 см зузаан, нягт нь 0,03-0,10 г/см3, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Наран, Түвшинширээ, Уулбаян сумдаар 1-4 см зузаан цастай байна.
2017 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 орчим хувьд нь их, 40 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй, 30 орчим хувьд бага эрсдэлтэй гарлаа. Үүнээс Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар, Асгат, Түвшинширээ, Халзан, Уулбаян, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Баруун-Уртын ихэнх хэсгээр эрсдэлтэй гарсан байна.
Хүйтний улирлын цаг агаарын төлвийн мэдээгээр цаашид зарим газраар ахиу цас орох төлөвтэй байгаа нь зудын эрсдэлийг улам нэмэгдүүлэх, одоо дунд зэрэг эрсдэлтэй байгаа газар нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал муудаж, хүндэрч болзошгүй байна.
Иймээс одоогийн байдлаар зудад ихээхэн эрсдэлтэй байгаа газар нутгийг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Цаашид бид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, хүйтний эрч чангарах, өвөлжилт улам хүндрэх нөхцөл байдлын үед зудын эрсдэлийн тооцоог тухай бүр хийж, нэгдсэн зураглал боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, шуурхай мэдээлж байх болно.
Сүхбаатар аймаг УЦУОШГазар