Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

2018 ОНЫ СҮХБААТАР АЙМГИЙН УЦУОШТӨВИЙН БОШЛАБОРАТОРИД ХИЙСЭН ЦӨЛЖИЛТИЙН МОНИТОРИНГИЙН ТАЙЛАН

Шинэчлэгдсэн: 2024-04-18 00:35:04

Зорилго:

Энэхүү судалгааны зорилго нь цөлжилт, газрын доройтлыг судлах, хянах, гарсан үр дүнгээр улсын мэдээллийн санг баяжуулах, орон нутгийн удирдлага, ард иргэдэд мэдээллээр үйлчлэх  цаашлаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилготой

Цөлжилтийн мониторингийн судалгаа

2018 онд УЦУОШТөвөөс Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 5 сумын 22 зогсоол цэгт цөлжилтийн мониторингийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Эрдэнэцагаан сумын Жаргалан, Зээг, Тохой, Хөх хавцал, Хүйс, Халзан хад, Хөндлөн хайлс, Шар овоо зэрэг цэгүүдэд 7-р сарын 4-9 өдрүүдэд, Дарьганга сумын Үүд, Мухар, Хөдөө, Аригун ус, Баянгол зэрэг зогсоол цэгүүдэд 8-р сарын 3-5-ны өдөр, Наран сумын Ноён хөндий, Тайгын хөндий, Цөнгөрөг зэрэг зогсоол цэгүүдэд 5-7-ны өдрүүдэд,  Онгон сумын Ухаа овоот, Будархад, Их булаг, Харгант гэсэн зогсоол цэгүүдэд 8-р сарын 7-9-ны өдрүүдэд Баруун-Урт сумын Цагаан худаг, Зараа  гэсэн зогсоол цэгүүдэд 8-р сарын 10-ны өдөр тус тус хийж гүйцэтгэсэн. Нийт 22 цэгээс 0-5см, 5-10см, 10-20см-ийн гүнээс нийт 66 ш дээж авч цөлжилтийн мониторингийн судалгаа, шинжилгээг хийж  гүйцэтгээд байна. 

Хөрсний эвдрэл, хөрсөн дэх орчин /pH/, ялзмаг, өнгө,нягт, хөрсний бүтэц, ус нэвтрүүлэх чанар, давсжилт, хөрсний морфологи бичиглэл, хөрсний ангилал, ургамалын нөмрөг, цахилгаан дамжуулах чанар, элсэн хуримтлалын зузаан, агрегат бүтэц, хөрсний чийг зэргийг тодорхойлсон. 5 сумын 22 цэгийн ялзмаг давхрагийн 0-5см-т А үе, 5-10см-т АБ үе, 10-20см-т Б үе давхрага зонхилсон. Нийт 66ш дээжны урвалын орчин pH=6-8 буюу сул хүчиллэг, саармаг, сул шүлтлэг гэсэн орчинтой  байна. Хөрсний өнгө 0-5см-т бор, 5-10см-т бор хүрэн, 10-20см-т шаргал хүрэн өнгө зонхилсон, цахилгаан дамжуулах чанар EC=60-90µS, Онгон сумын урд зүгт уулын усны нөлөөгөөр өргөн 1м, гүн нь 60-100см, урт нь  500м орчим газарт жалга үүссэн байна.

Баруун-Урт, Дарьганга, Нран, Онгон, Эрдэнэцагаан сумдуудын цөлжилтийн мониторингийн судалгаа хийсэн дүн мэдээ

1.Нийт 5 сумын 22 зогсоол цэгийн газарзүйн бүтцийг хувиар илэрхийлэхэд

Дарьганга сумын 5 зогсоол цэгийн 4 буюу 80% нь тэгш тал, 1 буюу 20% нь уулын бэлд байрласан, Наран сумын 3 зогсоол цэг налуу газарт, Онгон сумын 4 зогсоол цэг тэгш талд, Эрдэнэцагаан сумын 8 зогсоол цэгийн 7 буюу 88% нь тэгш тал үлдсэн 1 буюу 12% нь уулын бэлд, Баруун-Урт сумын 2 зогсоол цэг тэгш талд байрлсан байна. Нийт 5 сумын 77% нь тэгш талд, 14% нь налуу газарт, 9% нь уулын бэлд байрласан байна. 

2.Нягтын харьцаагаар цөлжилтийн зэрэглэлийг тодорхойлсон үнэлгээ

2018 оны 7-8 дугаар саруудад хийгдсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Онгон, Наран, Эрдэнэцагаан гэсэн 5 сумын 22 зогсоол цэгүүдэд цөлжилтийн мониторингийн судалгааг хийсэн. Нийт 22 цэгүүдийн 0-5см, 5-10см, 10-20см-ийн гүн дэх хөрсний нягтын чанарын үнэлгээгээр органик бодисоор баялаг хөрс 15%, таримал ургац маш тохиромжтой 15%, нягтавтар хагалгааны үе давхрага 3%, нягт хагалгааны үе давхрага, 12%, хагалгааны доод нягт давхрага 37%, шилжилтийн маш хатуу давхрага 18%-ийг зонхилсон байна.

              2.1 Дарьганга сумын 5 зогсоол цэгийн хөрсний нягтын чанарын үнэлгээ

Дарьганга сумын нийт зогсоол цэгүүдийг 0-5см, 5-10см, 10-20см гүн дэх хөрсний нягтын харьцаагаар үнэлэхэд 5-н зогсоол цэгүүдийн 0-5см-т нягтавтар болон нягт хагалгааны давхрага, 5-10см-ийн гүнд нягт хагалгааны давхрага болон доод халгааны нягт давхрага, 10-20см-ийн гүнд доод хагалгааны нягт давхрага зонхилсон байна. Нягтавтар хагалгааны давхрага нь таримал ургац маш тохиромжтой үеийн дараах үе бөгөөд чийгшлээс хамаарч богино хугацаанд бэлчээрийн өвс тэжээл ургах боломжтой үе давхрага юм. 

2.2 Наран сумын 3 зогсоол цэгийн хөрсний нягтын чанарын үнэлгээ

Наран сумын нийт зогсоол цэгүүдийг 0-5см, 5-10см, 10-20см гүн дэх хөрсний нягтын харьцаагаар үнэлэхэд 3-н зогсоол цэгүүдийн 0-5см-т  Доод хагалгааны нягт давхрага, 5-10см, 10-20см -ийн гүнд шилжилтийн маш хатуу давхрага зонхилон судлагдсан байна. Энэ нь хур тунадас удаан хугацаанд ороогүйгээс хөрс нягт шинж чанартай болж богино хугацааны ширүүн борооны усыг хөрсөнд нэвтрүүлэх чадваргүй урсгах бөгөөд хөрс салхи, усаар илэгдэх үйл явц явагдаж болзошгүй юм.

2.3 Онгон сумын 4 зогсоол цэгийн хөрсний нягтын чанарын үнэлгээ

Онгон сумын нийт зогсоол цэгүүдийг 0-5см, 5-10см, 10-20см гүн дэх хөрсний нягтын харьцаагаар үнэлэхэд 4-н зогсоол цэгүүдийн 0-5см-т  Доод хагалгааны нягт давхрага, 5-10см, 10-20см -ийн гүнд шилжилтийн маш хатуу давхрага зонхилон судлагдсан байна. Энэ нь хур тунадас удаан хугацаанд ороогүйгээс хөрсний нягт шинж чанар үүсэж эхэлсэн богино хугацааны ширүүн борооны усыг хөрсөнд нэвтрүүлэх чадваргүй урсгах бөгөөд хөрс салхи, усаар илэгдэх үйл явц явагдаж болзошгүй юм.

2.4 Эрдэнэцагаан сумын 8 зогсоол цэгийн хөрсний нягтын чанарын үнэлгээ

Эрдэнэцагаан сумын нийт зогсоол цэгүүдийг 0-5см, 5-10см, 10-20см гүн дэх хөрсний нягтын харьцаагаар үнэлэхэд 8-н зогсоол цэгүүдийн 0-5см, 5-10см, 10-20см-н гүнд таримал ургамал маш тохиромжтой болон органик бодисоор баялаг гэсэн үе давхрага үүссэн байна. Чийгшилтэй үед бэлчээрийн ургамал хурдан хугацаанд ургах боломжтой юм.

2.5 Баруун-Урт сумын 2 зогсоол цэгийн хөрсний нягтын чанарын үнэлгээ

Баруун-Урт сумын нийт зогсоол цэгүүдийг 0-5см, 5-10см, 10-20см гүн дэх хөрсний нягтын харьцаагаар үнэлэхэд 2 зогсоол цэгийн 0-5см 5-10см, 10-20см гүнд  доод хагалгааны нягт давхрага зонхилон судлагдсан байна. Энэ нь хур тунадас удаан хугацаанд ороогүйгээс хөрсний нягт шинж чанар үүсэж эхэлсэн богино хугацааны ширүүн борооны усыг хөрсөнд нэвтрүүлэх чадваргүй урсгах бөгөөд хөрс салхи, усаар илэгдэх үйл явц явагдаж болзошгүй юм.

3.Замын эвдрэлийг тооцоолсон судалгаа

Дарьганга, Наран, Онгон, Баруун-Урт зэрэг 4 сумын зогсоол цэгүүдийн 1км2 талбайд ноогдох замын эвдрэлээр дүгнэхэд 14 цэгийн 2 буюу 14% сул эвдрэлтэй, 12 буюу 86% нь эвдрэлгүй гэсэн үнэлгээтэй гарсан байна. Харин Эрдэнэцагаан сумын 8 зогсоол цэгүүдийг 1км2 талбайд ноогдох замын эвдрэлийн зэрэглэлээр ангилхад Халзан хад, Хүйс гэсэн 2 зосоол цэг буюу 25% нь эвдрэлгүй,  Шар овоо, Хөндлөн хайлс, Жаргалант гэсэн 3 зосоол цэг буюу 38% нь сул, Зээг, Тохой гэсэн 2 зосоол цэг буюу 25% нь дунд, Хөх хавцал гэсэн 1 зосоол цэг буюу 12% нь маш хүчтэй эвдрэлтэй гэж гарсан байна. Энэ нь уул уурхайн тээвэр, уурхай хоорондын болон сумаас уурхай орох зам дагуу олон гуу жалга үүссэн байна.

5 сумын нийт зогсоол цэгүүдийн 1 км2 талбайд хамрагдсан замын эвдрэлийн зэргийг хувиар илэрхийлэхэд 64% нь эвдрэлгүй, 23% нь сул эвдрэлтэй, 9% нь дунд эвдрэлтэй, 0% нь хүчтэй эвдрэлтэй, 4% нь маш хүчтэй эвдрэлтэй гэж судалгаагаар гарсан байна.

4.Элсэн хуримтлалын зэрэглэлээр үнэлэх

Дарьганга сумын 5 зогсоол цэгүүдийн Үүд, Мухар, Хөдөө, Баянгол зэрэг 4 цэг эвдрэлгүй, Аригун ус зогсоол цэг дээр бага элсэн хуримтлалтай, Наран сумын 3 зогсоол цэг бага элсэн хуримтлалтай, Онгон сумын Ухаа овоо, Будархад, Ихбулаг, зогсоол цэгүүд бага элсэн хуримтлалтай бол Харгант зогсоол цэг элсэн хуримтлалгүй, Эрдэнэцагаан сумын 8 зогсоол цэгүүд элсэн хуримтлалгүй, Баруун-Урт сумын Зараа зогсоол цэг элсэн хуримтлалгүй, Цагаан худаг зогсоол цэг бага хуримтлалтай гарсан байна.

5.Ялзмаг давхрагын хувиар нь эвдрэлийн зэргийг тодорхойлход

5 сумын нийт 22 зогсоол цэгүүдээс 0-5см, 5-10см, 10-20см-ийн гүнээс авсан  66ш дээжинд ялзмаг давхрагийн хувиар эвдрэлийн зэргийг тодорхойлсон. 2ш дээж буюу 3% нь бага эвдрэлтэй, 64ш дээж буюу 97% нь эвдрэлгүй гарсан байна.

6.Ургамлын нөмрөгийн байдлын үнэлгээ

Дээрх графикт 5 сумын нийт 22 цэгийн байдлаар ургамалын нөмрөгийн байдлын үнэлгээг нэгтгэн хивиар илэрхийлэхэд 36% нь жигд ургамлан бүрхэвчтэй, ургамал хоорондын зай завсраар ялзмагт хар, хар хүрэн, хүрэн бор өнгөтэй хөрс харагдаж байгаа, 59% нь сийрэгдүү ургамлан бүрхэвчтэй, ургамал хоорондын зай ихэссэн, хөнгөн элсэнцэр хөрс хайрга бүхий нүцгэн газартай бол үлдсэн 5% нь тачирхан бөгөөд сийрэг ургамалтай, ургамал хооронд хэсэг хэсэг нүцгэн газартай гэсэн үнэлгээтэй гарсан байна

Дарьганга сумын 5 цэгийн байдлаар Үүд, Мухар, Аригун ус зэрэг 3 цэгт жигд ургамлан бүрхэвчтэй, ургамал хоорондын зай завсраар ялзмагт хар, хар хүрэн, хүрэн бор өнгөтэй хөрс харагдаж байгаа бол  Хөдөө, Баянгол гэсэн 2 зогсоол цэгт сийрэгдүү ургамлан бүрхэвчтэй, ургамал хоорондын зай ихэссэн, хөнгөн элсэнцэр хөрс хайрга бүхий нүцгэн газартай гэсэн үнэлгээтэй гарсан байна.

Наран сумын 3 цэгийн байдлаар Ноён хөндий, Цөнгөрөг зэрэг 2 цэгт жигд ургамлан бүрхэвчтэй, ургамал хоорондын зай завсраар ялзмагт хар, хар хүрэн, хүрэн бор өнгөтэй хөрс харагдаж байгаа бол  Тайгын хөндий зогсоол цэгт сийрэгдүү ургамлан бүрхэвчтэй, ургамал хоорондын зай ихэссэн, хөнгөн элсэнцэр хөрс хайрга бүхий нүцгэн газартай гэсэн үнэлгээтэй гарсан байна.

Онгон сумынУхаа овоот, Будархад, Их булаг, Харгант гэсэн 4зогсоол цэгүүдэд сийрэгдүү ургамлан бүрхэвчтэй, ургамал хоорондын зай ихэссэн, хөнгөн элсэнцэр хөрс хайрга бүхий нүцгэн газартай гэсэн үнэлгээтэй гарсан байна.

Эрдэнэцагаан сумын 8 цэгийн байдлаар Зээг, Шар овоо зэрэг 2 цэгт жигд ургамлан бүрхэвчтэй, ургамал хоорондын зай завсраар ялзмагт хар, хар хүрэн, хүрэн бор өнгөтэй хөрс харагдаж байгаа бол  Жаргалан, Тохой, Хөх хавцал, Хөндлөн хайлс, Хүйс, Халзан хад гэсэн 6 зогсоол цэгт сийрэгдүү ургамлан бүрхэвчтэй, ургамал хоорондын зай ихэссэн, хөнгөн элсэнцэр хөрс хайрга бүхий нүцгэн газартай гэсэн үнэлгээтэй гарсан байна.

Баруун-Урт сумын 2 цэгийн Зараа зогсоол цэг жигд ургамлан бүрхэвчтэй, ургамал хоорондын зай завсраар ялзмагт хар, хар хүрэн, хүрэн бор өнгөтэй хөрс харагдаж байгаа бол Цагаан худаг зогсоол цэгт тачирхан бөгөөд сийрэг ургамалтай, ургамал хооронд хэсэг хэсэг нүцгэн газартай гэсэн үнэлгээтэй гарсан байна.

7.Хөрсний нүүдэл шилжилтийн байдлын үнэлгээ

Дээрх графикт 5 сумын нийт 22 цэгийн байдлаар хөрсний нүүдэл шилжилтийн үнэлгээг нэгтгэн гаргасан үзүүлэлт юм. Үүнээс 68% нь хөрсний нүүдэл, элсний хуримтлал илрээгүй, 14% нь өнгөн хөрс хийссэн, эсвэл элсэрхэг бүтэцтэй болж буй шинж тэмдэг илэрсэн бол үлдсэн 18% нь салхины нөлөөгөөр ургамалын ишний газар дор байсан хэсэг ил гарсан, дэгнүүл үүсч элсэнд дарагдсан, ургамалын нөмөрт элс хуримтлагдаж байгаа, дов сондуул үүсч эхэлсэн гэсэн үнэлгээтэй байна.

Дарьганга сумын 5 зогсоол цэгийн байдлаар хөрсний нүүдэл, элсний хуримтлал илрээгүй гэсэн үнэлгээтэй байна.

Наран сумын 3 зогсоол цэгийн байдлаар Ноён хөндий зогсоол цэгт хөрсний нүүдэл, элсний хуримтлал илрээгүй бол Тайгын хөндий, Цөнгөрөг гэсэн 2 зогсоол цэгт өнгөн хөрс хийссэн, эсвэл элсэрхэг бүтэцтэй болж буй шинж тэмдэг илэрсэнүнэлгээтэй байна.

Онгон сумын 4 зогсоол цэгийн байдлаар салхины нөлөөгөөр ургамалын ишний газар дор байсан хэсэг ил гарсан, дэгнүүл үүсч элсэнд дарагдсан, ургамалын нөмөрт элс хуримтлагдаж байгаа, дов сондуул үүсч эхэлсэн гэсэн үнэлгээтэй байна.

Эрдэнэцагаан сумын 8 зогсоол цэгийн байдлаар хөрсний нүүдэл, элсний хуримтлал илрээгүй гэсэн үнэлгээтэй байна.

Баруун-Урт сумын Цагаан худаг зогсоол цэгт хөрсний нүүдэл, элсний хуримтлал илрээгүй бол Зараа зогсоол цэгт өнгөн хөрс хийссэн, эсвэл элсэрхэг бүтэцтэй болж буй шинж тэмдэг илэрсэнгэсэнүнэлгээтэй гарсан байна.

8.Хөрсний элэгдэл, эвдрэлийн үнэлгээ

Дээрх графикт 5 сумын нийт 22 цэгийн байдлаар хөрсний элэгдэл, эвдрэлийн үнэлгээг нэгтгэн гаргасан. Үүнээс 64% нь хөрсний гадрага бүтэн, элэгдэл, эвдрэлгүй гарсан бол 36% нь зөвхөн хагд өвс усанд урссан ул мөр төдий, хөрсний гадарга эвдрээгүй, гуу жалга үүсээгүй гэсэн үнэлгээтэй байна.

Дарьганга сумын 5 зогсоол цэгийн байдлаар хөрсний гадрага бүтэн, элэгдэл, эвдрэлгүй байна.

Наран сумын 3 зогсоол цэгийн байдлаар Ноён хөндий, Цөнгөрөг зогсоол цэгт хөрсний гадрага бүтэн, элэгдэл, эвдрэлгүй гарсан бол Тайгын хөндий зогсоол цэгт зөвхөн хагд өвс усанд урссан ул мөр төдий, хөрсний гадарга эвдрээгүй, гуу жалга үүсээгүй байна.

Онгон сумын 4 зогсоол цэгийн байдлаар зөвхөн хагд өвс усанд урссан ул мөр төдий, хөрсний гадарга эвдрээгүй, гуу жалга үүсээгүй гэсэн үнэлгээтэй байна.

Эрдэнэцагаан сумын 8 зогсоол цэгийн байдлаар Зээг, Тохой, Хөндлөн хайлс, Шар овоо, Хүйс, Халзан хад гэсэн 6 зогсоол цэгт хөрсний гадрага бүтэн, элэгдэл, эвдрэлгүй гарсан бол Хөх хавцал, Жаргалант гэсэн зогсоол цэгт хагд өвс усанд урссан ул мөр төдий, хөрсний гадарга эвдрээгүй, гуу жалга үүсээгүй гэсэн үнэлгээтэй байна.

Баруун-Урт сумын Цагаанхудаг зогсоол цэгт хөрсний гадрага бүтэн, элэгдэл, эвдрэлгүй гарсан бол Зараа зогсоол цэгт зөвхөн хагд өвс усанд урссан ул мөр төдий, хөрсний гадарга эвдрээгүй, гуу жалга үүсээгүй байна.

ТАЙЛАН БИЧИСЭН ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ Н.МӨНХБАЯР