Сүхбаатар аймгийн 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамж

Сүхбаатар аймгийн 2019-2020  оны өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамж

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав. Сүхбаатар аймгийн нутгаар зуншлага 08 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 77 хувь буюу Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат, Дарьганга, Халзан, Баруун-Урт, Наран, Онгон, Баяндэлгэр сумын хойд болон зүүн хэсгээр хэвийн, 23 хувь буюу Уулбаян, Түвшинширээ, Баяндэлгэр сумын баруун болон өмнөд  хэсгээр дунд зэрэг байна.

2019 оны 8 дугаар сарын дунд 10 хоногт тодорхойлсон бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын ургацын мэдээгээр хамгийн их нь Баруун-Урт-5.5ц/га, Асгат-5.2ц/га, Халзан-4.2ц/га, Сүхбаатар-3.1ц/га, Уулбаян-3.2ц/га бусад нутгаар 1.0-3.0ц/га-ын ургацтай байна. Бэлчээрийн ургацын байдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Мөнххаан, Наран, Түвшинширээ, Түмэнцогт сумдаар 0.8-2.7ц/га-аар буурсан бол Баруун-Урт, Асгат, Онгон, Сүхбаатар, Уулбаян, Халзан сумдын нутгаар 0.2-2.3ц/га-аар өссөн ба Дарьганга сумын нутгаар өнгөрсөн оны ургацтай адил байлаа.

Дээрх  мэдээнд дүгнэлт хийж үзэхэд нийт нутгийн 20.6 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой  тодорхой тооны мал гаднаас отроор оруулах бэлчээрийн нөөцтэй  байна. Харин 19.0 хувьд гаднаас отрын мал оруулах  бололцоогүй тухайн багийн мал өөрийн  нутагт өвөлжиж  хаваржихад бэлчээр хүрэлцээтэй  байна. Үлдсэн 60.4 хувь буюу бэлчээрийн даац хэтэрсэн багуудад

Бэлчээрийн даац багтаамж 1-3 дахин хэтэрсэн багт 

Түмэнцогт сумын Лүмбэ баг, Мөнххаан сумын Баянцагаан баг, Баяндэлгэр сумын Дөхөм баг , Сүхбаатар сумын Баянгол баг, Түвшинширээ сумын Дэлгэрхаан баг, Дарьганга сумын Аман-Ус, Бадрах баг, Эрдэнэцагаан сумын Хонгор, Зээг багууд  оржээ.

Бэлчээрийн даац багтаамж 3-5 дахин хэтэрсэн багт 

Мөнххаан сумын Бүрэнцогт баг, Баяндэлгэр сумын Төв, Хонгор, Түвшинширээ сумын Өлзийт баг, Асгат сумын Жаргалант баг, Дарьганга сумын Овоот баг, Эрдэнэцагаан сумын Хүйс багууд орж байна.

Бэлчээрийн даац багтаамж  олон дахин хэтэрсэн  багуудад

   Мөнххаан сумын  Баясгалант, Баян-Уул /2,4-р баг /

   Уулбаян сумын Жаргалант, Баян/ 1,2-р баг /

   Түвшинширээ сумын Сэргэлэн  /1-р баг/

   Түмэнцогт сумын Баяновоо  /3-р баг/

   Баяндэлгэр сумын Ширээт, Баян / 1,6-р баг/,

   Баруун-Урт сумын /8-р баг/

   Онгон сумын  Хавирга / 4-р баг/

   Халзан сумын Хатавч /4-р баг/

   Наран  сумын  Наран /3-р баг/

   Сүхбаатар сумын Хайлаастай /2-р баг/

   Эрдэнэцагаан сумын Цагаан овоо, Алтановоо, Шаровоо, Жаргалант, Талбулаг /2,3,5,6,8-р/ багууд  орсон байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байдлаас харахад  сумын төвийн багууд ихэнх орж байгаа нь талбай хэмжээ бага, тоолуулж байгаа малын нягтшил өндөр гардаг,  мөн хүний хүчин зүйлийн нөлөөнд байнга өртөж байдагтай  зайлшгүй холбоотой. Бэлчээрийн даац багтаамж тооцход ирэх өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг оруулаж тооцоогүй болно. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн багууд өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа учир өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхааран, шуурхай зохицуулах шаардлагатайг зөвлөж байна. Энэ зун ихэнх нутгаар зуншлага сайн байсан зарим нутгаар нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын ургалт гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон.

УЦУОШТөв